ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль нь Япон Улсын Бүнкёо их сургуультай 2010 оноос хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, оюутан, багшийн богино хугацааны сургалт, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд Бүнкёо их сургуулийн Олон улсын судлалын факультетийн багш Киношита Мицүхиро Гадаад хэлний сургуульд зочилж, сургалт, судалгаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Киношита Мицүхирог Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа нар хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн япон хэлний багш нартай уулзаж, сургалтын арга зүй, туршлагаа хуваалцлаа.

 

Түүнчлэн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн түүхийн багш Ю.Болдбаатар, Гадаад хэлний сургуулийн монгол хэлний багш Б.Дэлгэрмаа, Р.Бигэрмаа нартай уулзаж, Монгол, Японы хэл, түүх, соёлын чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

  

Зочин багш ШУТИС-ийн музейгээр зочлон, сургуулийн түүх, хөгжил, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой үзмэр, мэдээлэлтэй танилцлаа. Мөн Монголын түүх, соёлын онцлогтой танилцах хүрээнд Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зочилсон бөгөөд Гадаад хэлний сургуулийн багш Б.Ундармаа, О.Халиун нар тухайн газрын түүх, соёлын онцлогийг танилцуулан, хамт явж ажиллалаа.

  

Энэхүү уулзалт нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Бүнкёо их сургуулийн олон жилийн хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашдын сургалт, хөтөлбөр, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.