БНХАУ-д суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид ШУТИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон товч мэдээлэл
Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочиллоо.


Тус айлчлалын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр болон оюутан багшийн солилцоо, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар уулзалт зохион байгуулж, санал солилцов.
Уулзалтад БНХАУ-ын Бээжин хот дахь БНИУ-ын элчин сайдын яамны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн атташе Лестари Пуспитанинсих, Цагаачлалын асуудал эрхэлсэн атташе Хераван Сукоажи, Харилцаа холбооны асуудал эрхэлсэн атташе Тубагус Сяфари нар оролцлоо.
Уулзалтыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхмийн хятад хэлний багийн санаачилгаар зохион байгуулсан бөгөөд. энэхүү уулзалтын эхэнд ГХС-ийн Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа ШУТИС болон Гадаад хэлний сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийн талаар товч танилцууллаа. Хоёр тал Индонезийн Засгийн газрын KNB болон TIAS тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутан багшийн солилцоо, хамтарсан сургалт, судалгааны төсөл, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн гадаадын оюутнуудыг хүлээн авахтай холбоотой виз, суралцах журам, бүрдүүлэх материал, сургалтын орчин болон оюутны дэмжлэгийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
ШУТИС-ийн төлөөлөл тус сургуулийн инженер, технологийн чиглэлийн сургалт, судалгааны давуу тал, салбар дундын хамтын ажиллагааны боломжийг онцлон танилцуулсан бол Индонезийн тал дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, оюутан залуусын академик боловсрол болон соёлын харилцааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Уулзалтын дараа Индонезийн төлөөлөгчид ШУТИС-ийн музейгээр зочилж, тус сургуулийн түүхэн хөгжил, сургалт, судалгааны ололт амжилт, инженер, технологийн салбарт оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл авлаа. Мөн тэд ШУТИС-ийн оюутнуудтай уулзаж, Индонезийн боловсрол, соёл, нийгмийн онцлог, залуучуудын солилцооны ач холбогдлын талаар халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Талууд цаашид их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг түгээх, хэл, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, Индонез Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой нь хоёр орны найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Энэ хүрээнд ШУТИС-д болсон уулзалт нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.


ГХС-ийн Ази судлалын тэнхим
“НАМРЫН ТЭРГЭЛ САР – МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
БНХАУ-д суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид ШУТИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон товч мэдээлэл
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа
БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д 1+1+2 ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦСАН ТТО-ХЯТАД ХЭЛНИЙ 3-Р АНГИЙНХНЫ ТАЙЛАН