Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг газрын нөхөн сэргээлт, экологийн оролцоотой холбон илтгэл хэлэлцүүлэв
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор Р.Бигэрмаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-д “Газраа сэргээхээс сэтгэлгээгээ сэргээхүй:Д.Нацагдоржийн ‘Миний нутаг’ шүлгийн хиймэл оюун ухаанд тулгуурласан эко критик шинжилгээ ба олон нийтийн экологийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Судалгаагаар “Миний нутаг” шүлэгт дүрслэгдсэн уул нуруу, гол мөрөн, нуур, говь, тал, хөрс, ургамал, бэлчээр, мал сүрэг, улирлын хөдөлгөөнийг хиймэл оюун ухааны тусламжтай илрүүлэн ангилж, үр дүнг эх бичвэрийн нарийвчилсан уншлага болон эко критик шинжилгээгээр баталгаажуулжээ.

Илтгэлд газрын нөхөн сэргээлтийг зөвхөн хөрс, ус, ургамлыг сэргээх техникийн үйл ажиллагаагаар хязгаарлаж болохгүйг онцолсон байна. Нөхөн сэргээсэн газрыг урт хугацаанд хамгаалахын тулд хүний байгальд хандах сэтгэлгээ, соёлын ой санамж, хариуцлага, оролцоог хамтад нь сэргээх шаардлагатай гэсэн үндсэн санааг дэвшүүлжээ.

Илтгэлийн төгсгөлд “Газрыг сэргээхийн зэрэгцээ газраа хайрлах, хамгаалах сэтгэлгээ, хариуцлагыг сэргээе” гэсэн уриалгыг дэвшүүлэв.

Энэхүү судалгаа нь COP17-ийн газрын нөхөн сэргээлт, экологийн боловсрол, орон нутгийн иргэд болон залуучуудын оролцоог үндэсний соёл, нүүдлийн мэдлэг, уран зохиол, технологитой холбон дэмжих хүмүүнлэгийн ухааны шинэлэг оролдлого боллоо.