ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулиас магистр, доктор оюутан, болон судлаачийн судалгааны ур чадварыг дэмжих, ахисан түвшний оюутныг салбарын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой судлаачийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
Судлаачийн 1-р цуврал хэлэлцүүлэг 2025 оны 2 сарын 19-ний өдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын эрхлэгч Т.Ууганбаяр (доктор, дэд профессор) “Нийгэм, зан үйлийн шинжлэх ухааны тоон болон чанарын судалгааны зарим аргууд” сэдвээр илтгэж, нийгэм, зан үйлийн шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэгддэг судалгааны арга зүйн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр судалгааны ажлын чанар, үр дүнг сайжруулахын тулд тоон болон чанарын аргуудыг хэрхэн оновчтой хослуулах талаар тодорхой зөвлөмж өглөө.
Мөн тус хэлэлцүүлэгт ГХС-ийн Сургалт чанарын албаны дарга А.Болормаа (доктор, дэд профессор) уригдан оролцож “Ой тогтоол ба суралцахуйн аргууд” сэдвээр илтгэл тавьж, хүний ой санамжийн үйл явц, танин мэдэхүйн онцлогийг тайлбарлаж, суралцахуйн үр нөлөөг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй арга техникүүдийг танилцууллаа. Тэрээр ой тогтоолтыг сайжруулах дасгалууд, суралцах хэв маягийн ялгааг онцолж, судлаачид болон докторантуудад практик зөвлөгөө өгсөн юм.
Судаачийн цуврал хэлэлцүүлэг-2 2025 оны 03 сарын 19-ний өдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт ГХС-ийн Чанарын менежер П.Бямбажав (доктор) “Монгол хэлэн дэх орлох нэр томьёоны хэрэглээ, оновчтой хувилбарыг тогтоох зөвлөмж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Илтгэлдээ тэрээр орлох нэр томьёо үүсэх шалтгаан, тэдгээрийн оновчтой хувилбарыг сонгох талаар зөвлөмж санал болгон, шинжлэх ухааны хэл найруулгын шаардлагад нийцүүлэх зарчмуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Шинжлэх ухааны нэр томьёог зөв хэрэглэх, оновчтой хувилбарыг тогтоох, стандартчилан хэвшүүлэх нь туйлын чухал байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр нэр томьёоны талаарх орчин үеийн судалгааны чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцав. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид салбар бүрийн онцлогт нийцсэн нэр томьёоны стандарт, орчуулгын нарийвчлал, хэрэглээний асуудлуудын талаар ярилцлаа.